Жилийн өмнө ардчиллын “хойдох”-ыг уншжээ

 

 

Олон улсын Ардчиллын өдөр энэ сарын 15-нд тохиов. Өнгөрсөн жилийн өдийд эл баярыг АН орон даяар нижгэр гэгч нь тэмдэглэн өнгөрүүлэв.

Жилийн өмнө Төрийн тэргүүн Олон улсын ардчиллын өдрийг тохиолдуулан илгээлт илгээж, түүнийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд уншиж билээ. Тэрхүү илгээлтэд "...Өнөөдөр Монголын ардчилал амаргүй сорилттой тулгарч нийтийн эрх ашиг уу, олигархи цөөнхийн хязгааргүй шунал уу гэдэг ац сонголттой тулж ирлээ. Цаашид ардчиллаа улам төгөлдөржүүлэхийн тулд монголчууд бид хууль тогтоогчдоо шууд сонгож ирсэн шигээ гүйцэтгэх Засгийн тэргүүн Ерөнхий сайдаа ч шууд сонгодог болъё. Ингэснээр үндсэн хуулийн 3.1-д заасан Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт очно. Үндсэн хуульдаа ийм агуулга бүхий өөрчлөлт хийж байж Монголын ардчилал аврагдана...” хэмээж байв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийн дараа АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ хэлсэн үгэндээ "...Сүүлийн үед Ардчилсан хувьсгалын ололт, ардчиллын үнэт зүйлсийг гутаах, түүний гол тулгуур багануудыг ээлж дараалан нураах гэсэн хэт зүүний, эсвэл хэт барууны популист давалгаа ихээхэн хүчээ авч, манай нийгэмд тогтсон ардчилсан тогтолцоонд аюул учруулах хэмжээнд хүрчээ хэмээн дүгнэж, ардчиллыг эрхэмлэгч улс төрийн хүчнүүд, нийт ард түмэндээ анхааруулан сэрэмжлүүлэх зүй ёсны шаардлага урган гарлаа. Иймээс ардчиллын хувь заяа, үнэт зүйлсийн төлөө санаа зовниж буй аливаа хариуцлагатай улс төрийн хүчин, улс төр-нийгмийн зүтгэлтэн хэн боловч хувийн амбиц, нэг нам буюу бүлэглэлийн эрх ашгийг хойш тавьж, ардчиллаа хамгаалахын төлөө үгээ хэлж, байр сууриа тодорхойлох цаг болжээ...” гэв.

Ингэж хэлээд ардчилал нам "нүд аньсан” бололтой юм. Өнөө жил сүр дуулиант Олон улсын ардчиллын өдрийг тэмдэглэсэнгүй. Тэмдэглэх нь битгий хэл дурссан ч хүн алга. Ардчиллыг хэт өмчирхөж, цээжээ дэлддэг эл намд энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлчих албан ёсны дарга ч байсангүй. Харин ч АН-аас залуус нь дүрвэж, линдерүүд нь төмөр торны цаана чимээгүйхэн сууна. УИХ-ын сонгуулиар сортолзож байсан залуу үеийн лидерүүд нь ч сураг алдрав. 

Дээрх хоёр эрхмийг үгийг ажвал ардчиллын амийг авраач хэмээн Х.Баттулга, С.Эрдэнэ нар нэгэн нэгнээсээ гуйж байсан нь тэр байж. Тэдний үйл ойлголцлын зөрүүгээс Ардчилсан нам удаа дараагийн сонгуульд ялагдаж, хүчгүйдсэнийг хэн хэн нь ил цагаан зарлачихсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Өнөөдөр Монголын ардчилал амаргүй сорилттой тулгарч нийтийн эрх ашиг уу, олигархи цөөнхийн хязгааргүй шунал уу гэдэг ац сонголттой тулж ирлээ” хэмээсэн нь нэгийг бодогдуулж, хоёрыг төлөвлөсөн үг байж. Эцэст нь хоёр дахь сонголтыг тэр хийж, өнөөгийн ардчиллын гэх тодотголт намыг бий болгон, зангидаж байна.

Харин С.Эрдэнэ "... Хэт зүүний, эсвэл хэт барууны популист давалгаа ихээхэн хүчээ авч, манай нийгэмд тогтсон ардчилсан тогтолцоонд аюул учруулах хэмжээнд хүрчээ...” гэсэн нь сэтгэлийн хөөрлөөр, уянгын халил орсон үг биш нь илт болов. Орон нутгийн сонгуульд АН үзэл баримтлалаа хойш тавьж баруун, зүүн эс хамаарч хамтрал байгуулсан. Нэгэн цагт дайсагналцаж явсан Н.Энхбаяртай хүртэл хүзүү сээрээрээ хэлхэлдсэн нь энгийн тохироо биш.

Ямартай ч Х.Баттулга, С.Эрдэнэ нар тэр үед АН-ын хойдохыг уншиж, буян номыг нь хурж байсан бололтой юм.

http://www.zaluucom.mn/read/50dd0eafg

Холбоотой мэдээ