Нийслэлд шахмал түлш борлуулах 1000 цэг ажиллана

 

 

 

Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолыг өнгөрсөн жил хэрэгжүүлснээр Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувиар буурсан гэсэн эерэг үзүүлэлт, сайхан мэдээг албаныхан танилцуулж буй. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлоос салахын тулд олон арга хэрэгжүүлсний хамгийн эрсдэлтэй бас бодитой, урагштай ажил нь сайжруулсан түлш.  Гэвч үүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй гэр хорооллынхны хувьд айдастай байгаа. Мэдээж, өмнө дурдсанчлан олон хүн угаартаж, тэр бүү хэл амиа алдсан тул  айдастай байх нь аргагүй. Гал түлж эхлэх цагаар яндангаа хөөлөөгүй, түлшээ буруу түлсэн тул угаартсан гэдэг тал талын тайлбар гарсан ч хэрэглэгчид айдастай л байгаа. Нөгөө талаас гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж чадах уу. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл хэр байна вэ. Учир нь сар гаруй хугацааны дараа идэр есийн хүйтэн жавар тачигнана. Нийслэлд 220 мянга гаруй гэр хорооллын өрх бий. Өмнөх жилүүдэд нэг өрх 4-5 тонн буюу гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээ 1.2 сая тонн байв. Өвлийн ид ачааллын үед эрэлт нэмэгдэж, түлшний дутагдалд орохгүйн тулд нөөц бий болгох ёстой.

Тэгвэл нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 84 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн хороодод тус бүр 1000 тоннын багтаамжтай таван агуулах барьж, ашиглалтад оруулсан аж. Дүүрэг бүрт 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх зорилттой байгаа юм байна.

 

"Энэ өвөл зорилтот бүлгийн 10 мянган айлд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгоно”

 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал "Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн халамжийн газар, "Тавантолгой түлш” компани зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан түлш үнэгүй олгох ажлыг зохион байгуулж байгаа. Энэ өвөл зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан шахмал түлш үнэ төлбөргүй олгоно.Түүнчлэн 9-11, гурав болон дөрөвдүгээр сард зуухны таталт бага байдаг тул түлшний шаталтаас үүдэлтэй угаарын хий ихсэх хандлагатай байдаг. Иймээс  холбогдох хүмүүс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, айлуудаа шалгаж байгаа” гэлээ.

"Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар  "Тавантолгой түлш” компанийн Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 13 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана. Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 84 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болжээ. "Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна” гэв.

Мөн угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс төрийн 6000 орчим албан хаагч төвийн дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа эсэх, яндангаа хөөлсөн эсэх, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж байгаа юм байна.

Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа "Шахмал түлшний тухайд өвлийн бэлтгэл бүрэн хангагдаж байна. Толгойт дахь баруун бүсийн үйлдвэрийн бүх шугамаа засварт оруулсан. Одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Баруун бүс дөрвөн үйлдвэр 12 шугамтай. Налайх, Багануур дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангахаар зүүн бүсэд Налайх, Төв аймгийн заагт үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан. Хүйтний эрч чангарах үед хэрэглэхээр 84 мянган тонн түлш нөөцлөөд байна. Энэ сарын 15 хүртэл энэ нөөцөө нэмнэ. Ес эхлэхээр, өвлийн ид хүйтэнд үүнийг хэрэглэх юм.  Борлуулалтын цэгүүдэд нийлүүлэх түлшний хэмжээнд хязгаар бий. Нэг цэг маш их хэмжээний түлш захиалах боломжгүй. Өмнөх жилийн мэдээлэлд үндэслээд, нэг цэгт өдөрт хэдэн тонн түлш байхад хангалттай гэсэн хязгаар тогтоосон. Нэг цэгт түлш илүүдэж, нөгөө цэгт дутаахгүйн тулд ийм хязгаар тогтоосон юм” гэлээ.

Ямартай ч энэ өвөл иргэдийн шүүмжлээд байсан сайжруулсан түлшний хангалт муу, нийлүүлэлт бага гэх асуудал цэгцэрч, шахмал түлш борлуулах цэгийг 1000 болгож, дүүрэг бүрт 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлж, түлшний хомсдол үүсэхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2020.10.6 МЯГМАР № 193 (6418)


Холбоотой мэдээ