“Гадаадын иргэдийг аргалж өгнө” хэмээн хахууль авсан цагдаагийн офицерыг шалгаж байна

 

 


Манай улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн гар хөл болсон хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байна. Энэ тухай өнгөрсөн баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр "10 гаруй жил Монголд амьдарчихсан, огт цалин авдаггүй, байгууллагын жижүүр, манаач хийж байсан хүмүүсийг илрүүлсэн. Энэ хүмүүсийг албадан гаргах ажиллагаа хийж байгаа. Дээр нь ГИХГ-ын зарим албан тушаалтан засварын газар ажиллуулдаг вьетнам иргэнд хөрөнгө оруулагчийн виз олгосон байсан. Албаны шалгалт явуулж, улсад учруулсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авхуулахаар АТГ-т шилжүүлэх гэж байна” хэмээн мэдэгдсэн билээ.


Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр "zarig.mn” цахим хуудсанд "Та нарыг шалгах гэж байна, би аргалж өгнө” хэмээн мөнгө авдаг цагдаагийн хурандааг шалгаж байна” гэсэн мэдээлэл цацагдав. Бидний авсан мэдээллээр цагдаагийн байгууллагынхан дотоод хяналт шалгалтаараа энэ хүний хууль бус үйлдлүүдийг тогтоож, АТГ-т шалгуулахаар нэлээд хэд хоногийн өмнө шилжүүлсэн аж. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 14- 16-ны хооронд шалгасан бөгөөд цагдан хориогүй гэнэ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга болоод удаагүй, дэд хурандаа цолтой Ж.Батмөнх дээрх байдлаар 30-40 сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн юм байна. Түүнтэй холбоотой таагүй мэдээлэл цөөнгүй байдаг юм билээ. Тухайлбал, МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байхдаа орон сууц барина хэмээн олон хүнийг залилсан "Нарны хүү, сарны охин” компанийнхны талд үйлчилж, хохирогчдыг дарамтлах оролдлого хийж байсан гэх мэдээлэл бий. Нарийвчилсан шалгалтаар түүнтэй холбоотой үйлдлүүдийг нэгбүрчлэн нягтлах бололтой.


Тэгвэл ГИХГ-ын шинэ удирдлага дотоод хяналт шалгалтаа эрчимжүүлж, зарим ажилтнууд нь хээл хахууль авахыг завдсан үйлдлүүдийг тогтоосон гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр тус газарт ажиллаж байгаад 2018 онд чөлөөлөгдсөн Төмөрхуяг, одоо ажиллаж буй Баасанжав нар гадаадын иргэд, тэднийг уригч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс "виз гаргана”, "албадан гаргахаас чөлөөлнө”, "давуу байдал олгоно” гэх зэргээр хахууль авахыг завдсан үйлдэлд холбогдоод буй аж. Энэ мэт хууль бус үйлдлүүд гарч буйтай холбоотойгоор ГИХГ-аас сэрэмжлүүлэг гаргаж, гадаадын иргэдийг уригч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн төдийгүй тус газрын ажилтнуудтай холбоотой энэ төрлийн зөрчлийн талаар 70133444 утсаар мэдэгдэхийг санууллаа. Ташрамд дурдахад, тус газрынхан дотоод хяналтаараа илрүүлсэн, хахууль өгөн төлбөр, хураамж төлөлгүй олон тэрбумын хохирол учруулсан, хууль бусаар Монголд амьдарч байсан гадаадын иргэдийн хэргийг бид эргэн мэдээлэх болно.

Бэлтгэсэн: Г.Равжаа



Холбоотой мэдээ