Цар тахал ба хариуцлага

 
 

 

Дэлхий даяарыг айлгаж буй коронавирус гэдэг цар тахал өвчин алив бүхний түрүүнд яригддаг болоод жил гаруй боллоо. Энэ өвчин Азиас эхлээд таван тивд тархав. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд өвчлөгчдийн тоо 90 гаруй саяд хүрч хоёр сая хүн хорвоог орхиод байна. Зэвсэг техникийн хүн хөнөөх хүчин чадал дээд цэгтээ хүрсэн энэ цагт хэсэг бусаг болж буй дайнаас илүү хор хөнөөлтэй нь үүгээр харагдаж буй юм. Дэлхийн хоёрдугаар дайнд 20 сая хүний амь үрэгдсэн гэдэг тоо бий. Тэгвэл энэ аюулт халдвараар хүн төрөлхтөн ямар хохирол амсахыг одоо хэлэхэд тааж тааварлашгүй. Уг нь шинжлэх ухааны үүднээс тэгнэ, ингэнэ гэсэн төсөөлөл байгаа л гэдэг юм билээ. Үүнийг сонсоход монгол хүний хувьд муу ёр гэж ч бодохоор харин манай улс цар тахал өвчний эсрэг хамгийн эрэлхэг зогсож буй орны нэг гэгдэж буй. Үнэндээ ч тэгж хэлүүлэхүйц байгаа. Тахал өвчин дэлхийн 200 гаруй оронд гараад байхад Монгол зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн өвчтөнтэй саяхан болтлоо байсан. Гадаадаас 600 гаруй иргэнээ татан авсан. Эмчилсэн. Эдгэрүүлсэн. Ийм амжилттай төдийгүй уг өвчнийг дотооддоо алдаагүй бүтэн 10 сар болсон доо. Улс орон даяараа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байж ч чадсан, сурсан гэж болох. Өнгөрсөн оны сүүлчээр буюу арваннэгдүгээр сард "COVID-19” халдварыг дотооддоо алдаж урьд нь бүтэн байсан нэрээ үгүй хийчихлээ дээ.
 Улаанбаатар хот болоод Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь зэрэг зургаан аймагт халдвар гарсан. Харин сүүлийн өдрүүдэд тэр орон нутагт гарсан халдвар бүрэн арилж ногоон бүс боллоо гэсэн мэдээ сонсогдож байна. Сайн л хэрэг. Гэтэл нийслэлийн хувьд халдварын голомт нэмэгдэж сандаргасан хэвээр байгаа юм. Өнөөгийн байдлаар гэхэд 699 халдвар гарсан, нэмэгдсээр байгаа. 320 гаруй халдвар илэрсэн. Баянзүрхийн нэгдсэн эмнэлгийн, 47 өвчлөгчтэй "Ачтан” эмнэлгийн гээд томоохон голомт сэтгэл зовоож байна. Бас "Тэнүүн огоо”, "Мөнх хадаа” компаниас гаралтай халдвар гээд нэмэгдэж буй.
Ер нь цар тахлыг бүр намжаагаад авчихна даа гайгүй болж байна гэж хэлэх яагаачгүй. 1.6 сая хүн амтай энэ хотын маань хаана ч өвчний вирус тэнүүчилж явах эрсдэл хэвээр байна. Үүнийг Улсын онцгой комисс эрүүл мэндийн байгууллагаас өдөр бүр сануулж байгаа. 
Өдрөөс өдөрт халдварын тархалт нэмэгдэх хандлага байна. Нийслэлийн байгууллага, иргэд цаг үеийн байдлыг ойлгож бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын дэг журмыг сахиж сурч байгаа нь харагдаж байна. Хөл хорионд ч байж үзлээ. Гэтэл яагаад цар тахлыг хазаарлаад авч чадахгүй байгаа юм бэ гэвэл манай улсад хариуцлага гэдэг юмыг бараг мартсан, зөвхөн хэлэх үгийн хачир шинжтэй болгосонд л байгаа юм биш үү дээ. Хамт олон, иргэн бүр хувийн хариуцлага чанд сахиж халдвар хамгааллын дэглэмийг баримталж чадсансан бол өдийд энэ аюулын дор бөхийж байхгүй л байсан гэж бодогдоно. Гадаадаас татаж авсан иргэдээ тусгаарлаж байсан "Энхсаран” гэдэг сувиллаас эхлээд халдвар тархлаа юм болсон. Сураг нь энд журам сахиулж, хамгаалж байсан нөхдийн хариуцлагаас шалтгааллаа гэж сонсогдсон.
Тэнд цагдаа, хүчнийхэн, эмнэлгийн мэргэжилтнүүд л үүрэг хүлээж байсан. Тэгтэл тусгаарлагдаж байсан хүмүүс нь өрөө, тасалгаагаараа нийлж идэж уудаг, хөзөр тоглож байсан. Үүнээс болж халдвар гарсан тухай яригддаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тэндээс халдвар тархах нөхцлийг бий болгож хариуцлага алдсан хүмүүс хэн бэ гэдэг нь тодорхойгүй. Улсын онцгой комиссын нөхдөөс энэ тухай сэтгүүлчид олон удаа асуусан. Тэгэхэд шалгаж байгаа гэхээс өөр хариулт байхгүй өдий хүрлээ. Нэг их хэдэн сараар шалгаад баймааргүй. Тодорхой юмыг нуугаад байгаа ч юм уу, мэдэхгүй. Үүнээс болж зарим байгууллага хүмүүсийн дунд хариуцлага алдагдсаар байна.
 
 
 
Ер нь манайд хариуцлага тооцно гэдэг юм бүр дээрээсээ алдагдсан нь үнэн. Тэр УИХ-ын 20 гаруй нөхөр үгсэн хуйвалдаж ЖДҮХС-гийн мөнгийг эрх мэдлээ ашиглан зээл нэрээр авч завшлаа л юм болсон. Олон түмний дунд сүртэй яригдаад л дээдчүүл өөрсдөө бол байх л ёстой мэт зан гаргаж сүүлд нь хоёр гуравхан хүнээрээ "туг тахиж” ял оноогоод дууссан. Тэр ч байтугай гэмт хэрэгт багтсан заримыг төрийн өндөр албан тушаалаар "шагнаад” л өнгөрөв дөө. 
 
 
 
Ийм хариуцлагагүйн халдвар л коронавирусын халдвартай зэрэгцээд байна. Хэрвээ "Энхсаран” сувиллын алдаанд хэн буруутайг яаралтайхан шалгаад хариуцлага хүлээлгэсэн бол бусдад анхааруулга санамж болох байсан л даа. Хариуцлага гэдэг үгийг зүгээр л хэлэх төдий биш байсан бол тэр "Тэнүүн огоо” компанийн жолооч нар салхинд гарч зугаацан нэг аягаар сархад зооглож сахилгагүйтэх байсан уу, "Мөнххада” компанийнхан шинэ жил тэмдэглэж бэлэг сэлт болж бөөгнөрөл үүсгэж тэр нь халдвар тараах эрсдэл үүсгэх байсан уу гэдгийг сөхөж ярих ёстой. Тэр тусмаа хөл хориотой үед ийм явдлууд болсон тухай мэдээлэгдсэн. Тэр бүхэн үнэн бол тэдгээр байгууллагынханд хариуцлага хүлэээлгэх учиртай. Бас нэг юм нь цар тахал өвчний халдвар яагаад хувийн байгууллагуудад гараад байна вэ гэсэн асуулт бий. Хариулт тодорхой л доо. Хувийн байгууллагуудад улс даяар хэрэгжих хууль, тогтоомжийг мөрдөх явдал сулавтар байдаг нь нууц биш. Дурын авирлал давамгай байдаг ч гэж болно. 
Адаглаад тэр байгууллагуудад ах дүүс, найз нөхдийн, танил талын хүрээлэл ихээс шаардлага сул. Амин хувийн эрх ашиг давамгайлж ажлын орон тоог дутуудуулдаг. Заримыг илүү ажиллуулдаг. Ингэснээр эмнэлэг гэхэд үйл ажиллагааны стандарт алдагдах тал бий. Баянзүрх дүүргийн эмнэлэг олоон жилийн өмнө менежментийн чиглэлээр хувьчлагдсан юм билээ. Бүхэл бүтэн дүүргийн том эмнэлгийг хувьчилсан нь буруу байжээ гэдгийг одоо л ойлгож, ярилцаж байна. Тэгэхээр мөнгө хөрөнгөтэй тэр газруудад ямар нэг хариуцлага тооцож болохгүй гэжүү дээ. Танай байгууллага тахал өвчнөөс сэргийлж чадсангүй. Тиймээс халдвар тараах голомт болж байна гэхэд удирдах хүмүүс нь үүргээ ухамсарладаг л юм бол өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гээд буруугаа булж суухгүй нь мэдээж. Иймээс онцгой үед үйл ажиллагаагаа доголдуулж халдвар хамгааллын дэглэмийг чанд байлгаж чадаагүй нь хариуцлагын том алдаа шүү дээ. 
Иймээс тэдгээр газруудын голомтоос нь халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зардлын тодорхой хувийг гаргуулахад буруудахгүй болов уу. Даангүй хөл хорионы үед тогтоосон дэглэм зөрчиж хариуцлагагүйтсэн "Мөнххада”, "Тэнүүн огоо” компанийнханд оноосон хариуцлагын эсрэг хэлэх үг байх учиргүй л дээ. 
Мөн эрхээ эдэлж байна гээд үүргээ дутуу ойлгож хариуцлага алдсан хувь хүмүүст ч ямар нэгэн хариуцлага хүлээлгэж болно шүү дээ. Дээр гэрийн ажиглалтад байсан "Б” гэгчийн тухай ярьдаг. Гэртээ л бай гэсэн журмыг тэр зөрчиж хэчнээн олон дэлгүүр, ресторан, зочид буудал, баар хэсч үзвэр үзэж мөн ч сандаасан удаа бий. 
Саяхан хөл хориотой байхад "Ачтан”-ы голомтоос халдвар авсан нэг нөхрийн явсан хэссэн газруудын зураглал ТВ-ээр гарч харагдсан. Хэдийгээр тэр нөхөр халдвартай гэдгээ мэдээгүй ч хөл хорионы үеэр тав хоногт 10-аад дэлгүүр бас бус олон газраар сэлгүүцсэн байгаа юм. Энэ бол хувийн хариуцлага алдаж буй хэрэг.
Бас УИХ-ын гишүүн асан, дархан аварга А.Сүхбат Дорнод аймгийн Халх гол суманд тусгаарлагдсан байна гэсэн мэдээ сонсов. Яагаад гэсэн чинь бүх нийтийн бэлэн байдал зарлагдсан Улаанбаатар хот бүхлээрээ хөл хориотой байх үед мань эр морь мал авна гэж дан хулгайн замаар явж тэнд очсоны учир сумынх нь Онцгой комисс журамласан гэнэ. Тэр дөрвөн жил төрийн эрх барих байгууллагад түшээ нэрээр зөвхөн сандал бөглөж сууснаас биш толгой тархиндаа огт цэнэг авсангүйяа даа чааваас. Хоёр ч хүнийг хөлдөө чирсэн юм байх. Уг нь хууль батлалцаж байсан хүн дэг журам зөрчөөд, хууль ёс гажуудуулаад явамгүйсэн. 
 
 
 
Үнэндээ ч тэр төрийн түшээ гэж дөрвөн жил болохдоо Туул голыг бохирдсон гэдгээс өөр юм ойлгож мэдээгүй байхаа. Чуулганы хуралдаан дээр ганц нэг удаа дуугарахдаа ийм л юм хэлдэг байсан хайран ч нэр төр, цол хэргэм.
 
 
 
Улсын онцгой комиссын нэг хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусын нөхцөл байдлын үед Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар танилцуулахдаа:
-Бид ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө байнга анхаарал тавьж байна. Вакцин оруулж ирэхийг ч яаравчилж байна. Тэгэхээр вакцин хүлээх нэг хэрэг. Бидэнд халдвар авахгүй эрүүл саруул байхын эх үндэс нь хариуцлага гэдэг вакцин байна шүү гэж хэлсээн.
Энэ үг тун оносон хэллэг овоодоо гэж бодогдсон доо тэр үед. Гэтэл Ерөнхий сайд таны нийт ард иргэддээ үүрэг болгож хэлсэн үг ер хэрэгжсэнгүй замхарлаа. Ерөнхий сайд маань тэгж хэллээ гэдгийг төр, засгийн байгууллагын дунд, доод шатанд тун муухан хэрэгжүүлж өдий хүрлээ. Тиймээс Ерөнхий сайд та тэр "вакцин”-ыхаа хойноос анхаарч үзмээр байна. Хамгийн гол нь цар тахал дэгдсэн хүнд үед хаана, хэн хариуцлагын алдаа гаргав гэдгийг анзаарч тухайн буруутанд цаг тухайд нь хариуцлага тооцож чадсансан бол хэлсэн үгийн чинь үнэ цэнэ улам нэмэгдэх байсан биз ээ. Алив ажлын үр дүнг тоо баримттай л уялдуулж ойлгодог. Тиймээс одоо гарсан зарим голомтуудыг хяналтад авч байна. 
Орон нутагт халдварыг зогсоож чадлаа. Энэ нь төр, засгаас анхаарч төлөвлөж буй ажил, хууль хүчнийхэн, эмнэлэг, хяналт шалгалтынханы хүчин зүтгэлээр үүнийг хийж байгаа гэж болно. Гэвч улсын хэмжээнд 1500 гаруй тохиолдол бүртгэгдсэн тэр дотроо халдварын 10-аад голомт бий болж одоо нийслэлд 2-3 голомтод халдварын эрсдэл өндөр байгаа. Энэ үед вакцины хүлээлтэд найдах бус хамт олон, иргэн бүр хувийн хариуцлагаа сайн байлгах л чухал байна. Халдвар авагсдын 70 гаруй хувь буюу 900 илүү хүнийг эмчилж эдгэрүүлсэн гэдэг нь бас сайн мэдээ. Гэхдээ л хариуцлага хаа хаанаа хангалттай биш байна шүү дээ. Хариуцлага, бас дахиад хариуцлага...
 
 
 
Д.Цэрэннадмид
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 

Холбоотой мэдээ