Иргэд хуурамч ажлын үнэмлэхээр зорчиж байна

 
 

 

Хөл хорионы хугацаанд зохион байгуулж буй Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээнд тулгарч буй зарим бэрхшээлийн талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдрөөс эхлэн томоохон хүнсний бөөний төвүүд ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор автобусаар зорчих иргэдийн тоо 12,000 байснаас өчигдөр 19,000 болж 50 хувиар нэмэгдсэн байна.

Зөвшөөрөгдсөн 14 чиг үүрэг бүхий байгууллагын ажлын газрын тодорхойлолттой хүмүүсийн 15 хүртэл хувь нь л ажиллах ёстой. Гэвч дээрх хүмүүсээс гадна цахимаар ажиллаж байгаа хүмүүс хөдөлгөөнд оролцож, хөл хориог сахиулж буй алба хаагчдад хүндрэл учруулж, цар тахлын үед хавьтлын эрсдэлийг бий болгох сөрөг зүйлс ажиглагдах боллоо.

Тэд хуурамч ажлын үнэмлэх үзүүлэх, дураараа явах байдлаар хүндрэл учруулж байна.

Тиймээс дахин анхааруулахад, бид энэ сарын 23-ны өдрөөс хойш амьдралын энгийн хэв маяг руугаа эргэн орохын тулд өрх бүрээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажил өнөөдөр 55 хувийг гүйцэтгэлтэй явж байна.

Холбоотой мэдээ