З.Мэндсайхан сайдын "тойрон хүрээлэгчдэд" ямар хууль, тогтоол үйлчлээд байна вэ?

 

 

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидан, зодолдож танхайрсан талаарх мэдээлэл олон нийтэд хэдийнэ ил болж, салбарын сайд нь хариуцлагагүй, ноцтой зөрчил гаргасан албан тушаалтнууддаа хариуцлага тооцно гэдгээ хэлсэн байдаг. Гэтэл "ичсэн хүн хүн алав” гэгчээр хариуцлагын асуудал байнаасаа хазайсан, бүр хэтийдсэн тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч, учир жанцанг нь ухаж, дэлгэж эхэллээ.

Товчхондоо, архидан согтуурсан гэх Дэд захирал М.Цэрэндорж, Дэд захирал Х.Алтанзагас, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр нарыг З.Мэндсайхан сайд авч үлдэн, асуудалд огт оролцоогүй өөр нэгнээр туг тахилаа гэсэн шүүмжлэлүүд гарах болсон юм. Учир нь дээрх нөхдийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы оролцоотойгоор томилсон гэнэ. Жинхэнэ хэргийн эздийн өмнөөс ажлаасаа чөлөөлөгдөх бус бүр халагдах хүртлээ хариуцлага хүлээсэн хүн бол тус сангийн дарга Н.Төмөрхүү бөгөөд түүнийг ажилтнуудаа хянаагүй гэдэг шалтгаар ийнхүү "хөөжээ”.

 

Харин бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг зөрчсөн, ажлын байран дээрээ архидан согтуурсан, бүр танхайрсан алба хаагчдыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа ч тэд сайдынхаа ивээлд саадгүй багтаж үлдсэн нь холбоо сүлбээсийг нь ийнхүү ухаж сөхөхөд хүргээд байгаа юм.

Шударга ёсыг нэхвэл удирдлагынх нь хүлээсэн хариуцлагаас ч илүү шийтгэлийг дээрх алба хаагчид хүртэх учиртай. Үүнийг гэвч З.Мэндсайхан сайд сарниулаад өнгөрөх бололтой. 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж заасан. Мөн 2018 онд ЗГ-аас дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргаж, тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын байранд архи уусан төрийн хариуцлагатай хүнийг ажлаас нь чөлөөлж байх сахилгын арга хэмжээ авахыг үүрэгдсэн нь өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэх нь эргэлзээтэй боллоо. Тэдэнд ямар өршөөлийн хууль үйлчлээд байгааг тайлбарлаж өгөх үү З.Мэндсайхан сайд аа!

 
BOLOD.MN

Холбоотой мэдээ