Авлигад холбогдсон шүүгчийг чөлөөлөхийг шаардаж жагсч байна

 


Авлигын хэрэгт холбогдсон шүүгч нарыг чөлөөлөхийг шаардсан жагсаал өнөөдөр /2021.03.25/ Сүхбаатарын талбайд болж буй бөгөөд одоо ч үргэлжилж байна. Жагсаалд оролцож буй, найман тэрбумаар хохирсон гэх иргэн Б.Сарнай "Би эцэг, эхийнхээ хамтаар Хан-Уул дүүргийн арьс ширний 26-р байранд дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлсэн. Төсөл хэрэгжиж байх шатанд залилан мэхлэх замаар цааш худалдсан асуудал гарсан. Бидний тооцооллоор бодит хохирол нь 8 тэрбум болчихоод байна. Энэ хэрэг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд гурван маргаан үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх явц удаан, нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах гэх мэт бидний гаргасан хүсэлтийг огт хүлээж авдаггүй. Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэг нь хэрэг бүртгэл эхэлснээс хойш хоёр жил болж байгаа.

 

Би 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад өмгөөлөгч Б.Баасанцогтоос дансаар зургаан сая 500 мянган төгрөг авсан гэх шүүгч Д.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлж, шалгаж өгөхийг хүссэн. Учир нь, манай шүүх дээр байгаа гурван хэрэг гурвуулаа Д.Энхцэцэг шүүгч дээр хуваарилагдсан. Авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон шүүгчээ ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн шаардлагын хариуг  48 цагийн дотор өгөхийг хүссэн боловч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй учраас жагсч байна” гэлээ.

Гэхдээ энэхүү жагсаалыг сонирхохоор ирсэн хүмүүс ч олон байлаа.

 

Эх сурвалж: News.mn

Холбоотой мэдээ